2011-2012 оны хичээлийн жилийн гадаад хамтын ажиллагаа

СУИС-ийн Гадаад оюутнуудын чуулга уулзалт болж өнгөрлөө.

 СУИС-д Гадаад улсаас суралцаж буй оюутнуудын чуулга  уулзалт 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 15 цагт  хичээлийн II байрны 214 тоот танхимд боллоо.
 Тус чуулганд АНУ, БНХАУ, ОХУ-аас нийт 63 суралцагч  оролцож, захирал Э.Сонинтогос, Сургалт, эрдэм шинжилгээ  эрхэлсэн дэд захирал Ч.Алтанцэцэг, Гадаад харилцаа хамтын  ажиллагааны газрын дарга Б.Баяраа, Эрдэм шинжилгээ,  магистр, докторантурын газрын дарга С.Соронзонболд,  Сургалтын бодлого зохицуулалтын газрын дарга Б.Лхамцэрэн,  Хөгжмийн урлагийн сургуулийн захирал А.Дашпэлжээ,  Дүрслэх урлагийн сургуулийн захирал Л.Бумандорж, Соёл  иргэншлийн сургуулийн захирал Г.Сүхбат, Гадаад харилцаа  хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн Ц.Гүенбат нар  байлцав.
 Чуулганаар СУИС-д суралцаж байгаа нийт гадаад оюутны талаарх судалгаа; сургуулиас баримталж буй сургалт, эрдэм шинжилгээний бодлого; бакалавр, магистрын сургалтын ажлын график; СУИС-д Гадаадын иргэдийг суралцуулах журмыг танилцууллаа.
Мөн чуулганаар Соёл урлагийн их сургуульд гадаад улсаас суралцаж буй нийт оюутны хичээлийн оролцоо, сургалт, эрдэм шинжилгээ, уран бүтээлийн ажлыг чанаржуулах, нийгмийн идэвх санаачлагыг дэмжих, сургуулийн захиргааны зүгээс гадаад оюутантай холбогдох сургуулийн дотоод дүрэм, журам, мэдээ, мэдээллийг хүргэх, оюутны өөрийн удирдлагыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор СУИС-ийн Гадаад оюутны зөвлөл байгуулж түүний дарга, Удирдах Зөвлөлийн гишүүд, нарийн бичгийн даргыг тус тус сонголоо. Чуулганд оролцогчдын 100%-ийн саналаар СУИС-ийн Гадаад оюутны зөвлөлийн даргаар магистрын 1 дүгээр ангийн суралцагч Сайшаалт /БНХАУ/, Удирдах Зөвлөлийн гишүүдээр Сайшаалт, Майлс, Оргил, Тана /БНХАУ/, Алдар /ОХУ/, Майло /АНУ/ нар, СУИС-ийн Гадаад оюутны зөвлөл /ГОЗ/-ийн нарийн бичгийн даргаар Уртын дууны ангийн бакалаврын 2 дугаар ангийн суралцагч Тана /БНХАУ/ нар тус тус сонгогдлоо.   

2011 оны 10-р сарын 07

СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн Ардын хөгжмийн тэнхим, Нийслэлийн Соёл Урлагийн Газар, Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулга, Мэргэжлийн, Үндэсний Хөгжимчдийн Холбоо, Монголын Лимбэчдийн Холбоо хамтран Ази Дорно Дахины ардын урлагийг сурталчилах “Азийн Дуу Хоолой” Олон улсын анхдугаар фестивалийг 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдөр СУИС-д зохион байгуулж дараах ажлуудыг багтаалаа. Үүнд:

          СУИС-д  магистрын зэрэг хамгаалсан судлаачид, хөгжимчид болон энэ чиглэлээр судалгааны бүтээл туурвидаг эрдэмтэд, багш нарын хамтарсан  ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ   бага хурал

         Туршлагатай профессор багш нарын олон жил хуримтлуулсан өвөрмөц арга барилыг нь дэлгэрүүлж олны хүртээл болгох тэр дундаа залуу багш нарт тэдний арга барилыг залгамжлуулан өвлүүлэх, бичлэг хийж фондлон үлдээх, үүднээс нээлттэй МАСТЕР КЛАСС-ын хичээл

         Улсын болон Олон Улсын мэргэжлийн хөгжимчдийн конкурс уралдааны шагнал хүртэж байсан тус тэнхимийн багш, төгсөгчид болон одоо суралцаж байгаа шилдэг оюутнуудын хөгжимдөх онцлогийг нэг дор сонсох ингэснээр тус сургуулийн өөрийн ДЭГ СУРГАЛТЫГ тогтоон барихад болон ирээдүй хойч үеийн хөгжимчдөд  сонсох сургалтын эх материал нэн шаардлагатай байгаа тул тоглолтын шууд бичлэг хийж СD болгон авч үлдэх зорилгоор ГАЛА  КОНЦЕРТ-ыг зохион байгууллаа. Тус наадамд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Алдарт морин хуурч, профессор Чи Булаг тэргүүтэй хуурчид ирж оролцсон.

2011 оны 10-р сарын 10-11

  БНХАУ-ын ӨМӨЗО-ны Багшийн их сургуулийн захирал Ян И Жан болон бусад төлөөлөгч нар тус сургуульд айлчлан хоёр сургууль цаашид хамтран ажиллах тухай гэрээнд захирал Э.Сонинтогос, Ян И Жан нар гарын үсэг зурсан. Энэхүү гэрээгээр багш, оюутан солилцох, хамтарсан 2+2 хөтөлбөр зэргийг тохирсон юм.

2011 оны 10-р сарын 11-14

 Монгол Улсын СУИС болон Драмын эрдмийн театрын хамтран “Соёлын орон зай ба Монголын мэргэжлийн театрын урлагийн хөгжил”Олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж СУИС-ийн урилгаар ОХУ-ын Дорнод Сибирийн Соёл урлагийн улсын академийн профессор багш нарын баг 5 хүний бүрэлдэхүүнтэй ирж оролцов.

2011 оны 12-р сарын 1-3

 СУИС-ийн Соёл иргэншлийн сургууль нь Будапешт дахь Нээлттэй Нийгэм Хүрээлэн Соросын сангийн Соёл урлагийн сүлжээний бүсийн хөтөлбөр, Монголын Урлагийн Зөвлөлийн тэтгэлгээр “Бүтээлч үйлдвэрлэл ба бүтээлч эдийн засаг нь бүс нутгийг хөгжүүлэх нөөц мөн” сургалтыг 2011 оны 12 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. 

Тус сургалтын сургагч багшаар Англи улсын бүтээлч үйлдвэрлэлийн “Том Флеминг Креатив Консалтинг” компаний захирал Том Флеминг, ОХУ-ын “Бүтээлч үйлдвэрлэлийн агентлаг”-ийн хөтөлбөрийн захирал Елена Мельвиль нарын олон улсад нэр хүндтэй шинжээчид ажиллаа. 

Сургалтанд соёл урлагийн салбарт бизнес эрхэлж буй байгууллагын удирдах ажилтан, менежерүүд, энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийж буй залуу судлаач, төрийн бус байгууллагын төлөөллийнхөн гээд нийт 45 хүн хамрагдав. Мөн соёл урлагийн салбарын бодлого боловсруулах, хэрэгжүүлэх түвшинд ажиллаж буй төлөөлөгчид уригдан ирж сургагч багш нартай уулзаж санал бодлоо солилцсон нь сургалтын практик ач холбогдлыг өндөр болгов.

Сургалт нь лекц, дугуй ширээний ярилцлага, бүлгийн ажил гээд онол практик хосолсон хэлбэрээр явагдсан бөгөөд сургагч багш нарын өөрсдийн судалгаа, туршлага, олон улсын жишээн дээр үндэслэн явагдсан нь амьралд ойрхон, сонсогчдын бүтээлч сэтгэлгээг өрнүүлсэн үр өгөөж сайтай байлаа. 


2012 оны 4-р сарын 16-18

        "Соёлын статистик" сургалт

    Монгол Улсын Соёл, Урлагийн их сургууль, Юнескогийн Соёлын Статистикийн хүрээлэн хамтран “Соёлын статистик” сургалтыг анх удаа Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Дэлхийг статистикгүйгээр төсөөлөөд үз. Засгийн газрын харанхуйд тэмтчин, хөрөнгө оруулагчид мөнгөө салхинд хийсгэх болно. Соёл урлагийн нийгэмд эзлэх байр суурийг тодорхой болгоход соёлын статистик хамгийн чухал. Соёлын бодлогын үр дүнг хянах, соёлын хөгжилд болон орон нутгийн үндэсний эдийн засагт оруулж буй хувь нэмрийг үнэлэх, соёлын үйлдвэрлэлийг төлөвлөх, удирдан зохион байгуулахад түүний үүрэг онцгой ач холбогдолтой гэдгийг БСШУЯ-ны  төрийн нарийн бичгийн дарга Д.Далайжаргал тэмдэглэсэн юм. Энэхүү сургалтыг БСШУЯ-ны захиалгаар СУИС-д хэрэгжүүлж буй “Олон улсын жишигт нийцсэн соёлын статистикийг боловсронгүй болгох нь ” төслийн хүрээнд зохион байгуулж байгаа юм байна. Өнгөрсөн  жил  Юнескогийн ерөнхий захирал хатагтай И.Боковаг Монголд айлчлах үеэр СУИС-ийн төслийн багийнхнаас Юнеско-гийн статистикийн хүрээлэнтэй хамтран ажиллах хүсэлт тавьсан нь бодит ажил болж байгаагийн нэг нь энэ сургалт болов. Сургалтанд БСШУЯ-ны мэргэжилтнүүд, Үндэсний статистикийн хороо, төрийн болон төрийн бус урлаг соёлын байгууллагын ажилтан, их сургуулийн судлаач, эрдэмтэд оролцож байна.

Соёл бол хүмүүний оюун ухааныг нээж өгч, бусдыг ойлгоход хамгийн их нөлөөлдөг зүйл тул бодит чиг хандлагыг зөв тодорхойлоход соёлын статистик үнэхээр чухал юм.

 

2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр, Юнеско-гийн статистикийн хүрээлэнгийн хөтөлбөрийн                                                       мэргэжилтэн Jose Pessoa болон нийт сургалтанд оролцогчидтой хамт

2012 оны 5-р сарын 25

Монгол улсын Соёл урлагийн их сургуулийн захирал док., проф. Э. Сонинтогос, Францын Үндэсний Дорно дахины Хэл иргэншлийн дээд сургуулийн захирал док., проф. Жак Легран нар сургууль хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.


Энэхүү санамж бичгийн зорилго нь СУИС, Францын ҮДДХИДС-иудын хооронд харилцан ашигтай, нягт хамтын ажиллагаа, солилцооны хөтөлбөрүүдийг хөгжүүлэхэд оршиж байгаа юм. Тухайлбал, багш, судлаач, оюутан солилцох; сургалт, судалгааны олон нийтэд үйлчлэх төсөл, хөтөлбөрүүдийг хамтран зохион байгуулах; сургалтын материал, ном, хэвлэл, мэдээлэл харилцан солилцох зэрэг олон чиглэлийн үйл ажиллагааг дэмжиж ажиллахаар тохиролцов.

2012 оны 5-р сарын 15-23

Азийн театрын сургуулиудын оюутнуудын II фестивалиас Гранпри шагнал хүртэв 

Жил бүр 5-р сарын 15-23-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотноо болдог Азийн театрын сургуулиудын форум-эрдэм шинжилгээний бага хурал, Оюутны театрын фестивальд СУИС-ийн Тайз, дэлгэцийн урлагийн сургуулийн Найруулагч, жүжигчний уран чадварын тэнхимийн багш, оюутнууд 5 дахь жилдээ оролцлоо. Тэнхимийн эрхлэгч, УГЗ, доктор, профессор Н.Ганхуяг, Ардын жүжигчин, Төрийн шагналт, Н.Сувд нар оюутнуудын хамт оролцсон бөгөөд Н.Сувд “Монголын театр ба даяаршил” сэдвээр илтгэл тавив. Түүнчлэн Н.Ганхуягийн удирдсан жүжигчний IV курсын оюутнууд А.П.Чеховын “Цахлай” жүжгийг тоглож, фестивалийн шүүгчдийн зөвлөл, профессор багш нар, үзэгчдийн зүгээс өндөр үнэлэлт авлаа. Энэ жилийн хувьд зөвхөн А.П.Чеховын жүжгүүдээр фестиваль явагдаж АНУ, Колумб, Япон, БНСУ, БНХАУ, Вьетнам, Энэтхэг, Сингапур зэрэг 10 гаруй орны сургуулийн багш, оюутнууд бүтээлээ толилуулсан бөгөөд “К.С.Станиславскийн системийг монгол ардын уламжлалт урлаг, ахуйд хэвшүүлэн эзэмшиж, А.Чеховын театрын онцлогийг бүрнээ гаргасан сургалтын дэг сургууль, арга зарчмыг илэрхийлсэн бүтээл боллоо” хэмээн “Цахлай” жүжиг үнэлэгджээ. Энэ наадмаас оюутан Ц.Одонтунгалаг /Аркадина/ “Шилдэг дүр”-ийн шагнал, Б.Туяа /Нина Заречная/ “Гранпри” шагнал хүртлээ.